ӨАБНУ 2020 оны олимпийн наадамд нэрээ дэвшүүлнэ
ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге саяхан хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан ӨАБНУ-д айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр ерөнхийлөгч Зуматай уулзжээ. ӨАҮОХ-ы гүйцэтгэх захирал Табби Редди "Бид засгийн газар болон бусад бизнесийн, гол хөрөнгө оруулагчидтай тохиролцсоны үндсэн дээр 2020 онд олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Бид Африк тивээс олимпийн наадмыг хүлээн авсан анхны улс болно" хэмээн мэдэгджээ.
Австрийн ҮОХ-ы генсек Олимпик Хаусд айлчиллаа
Налгар зуны наадамтай өдрүүдэд Монголыг зорих жуулчдын тоо эрс ихэсдэг билээ. Энэ зун Австриас чамгүй олон жуулчид ирж Монгол орны сайхан байгалийг үзэх зорилго агуулж буйн дотор Австрийн Үндэсний Олимпийн Хорооны ЕНБД Петер Меннел байлаа. Тэрээр өнөөдөр Олимпик Хаусд албан бус айлчлал хийж, түүнийг МҮОХ-ы дэд ерөнхийлөгч Ц.Дамдин хүлээн авч уулзлаа. Доктор Петер Меннел ирэх өдрүүдэд Монгол орныг өрнөөс дорно, өмнөөс умардын чиглэлд хөндлөн гулд хоёр дугуйтаар туулах гэнэ. Түүний аяллын багийн бүрэлдэхүүнд Австрийн Төв банкны дэд захирал, нэртэй банкирууд багтсан ажээ.
Дэлхийн дайнаас хойшхи хамгийн олон сайн дурынхан Лондонд ажиллана
"Наадмыг бүтээгчид" хэмээн нэрлэгдсэн Лондоны олимпийн сайн дурын ажилтнуудын тухай мэдээллийг ЗБХ хийлээ. Лондоны олимпийн үеэр хоёр төрлийн сайн дурынхан ажиллана гэнэ. Эмнэлгийн, спортын, хэвлэлийн болон бусад зохион байгуулах ерөнхий ажлыг хийх сайн дурынхан ажиллах бол үзэгчдийн зөвлөх, хувцас тараах, тасалбар шалгах ажлыг бас хийх хэсэг сайн дурынхан ажиллах ажээ.
Мюнхен, Аннес, Пёнчан 2018 оны олимпийн төлөө
6 сарын 22-нд хуралдсан ОУОХ-ны гүцэтгэх зөвлөлийн хурлаас 2018 оны олимпод албан ёсоор нэр дэвшиж байгаа хотуудаар Мюнхен, Аннес, Пёнчан хотуудыг зарлалаа. Нэр дэвших хүсэлтэй хотуудын материалыг энэ оны эхээр хүлээн авсан бөгөөд тэдний хүсэлтийг нягталж үзсэний эцэст энэ гурван хотыг өрсөлдүүлэхээр үлдээжээ.
Кикбоксын холбооныхон "Олимпик Хаусд"
Монголын кикбоксын холбооны Ерөнхийлөгч, “Чоно” корпорацийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Д. Агар, Дэд Ерөнхийлөгч, “Мишээл” группийн Ерөнхий захирал Б. Энх- Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга О. Алтанпүрэв нар Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ)-нд зочилж, 2010 оны ажил болон цаашдын зорилтын талаар тодорхой танилцуулав.














